Rights and Protections for Temporary Workers - Mongolian

Last Updated: May 7, 2025
1666714245730.png

АНУ-д байх хугацаандаа та дараах эрхүүдийг эдэлнэ. Үүнд:

•       Шударга цалин хүртэх

•       Эрүүл, аюулгүй орчинд ажиллах

•       Үйлдвэрчний эвлэл, цагаачид ба ажилчдын эрх хамгаалах байгууллагаас тусламж хүсэх

•       Аюултай ажлаас гарах

•       Ялгаварлан гадуурхал, дарамт, мөлжлөгөөс ангид байх

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ MIGRANTWORKER.GOV ЦАХИМ ХУУДАСНААС АВНА УУ

ХЭРЭВ ТАНЫ ЭРХЭД ХАЛДСАН БОЛ ХҮНИЙ НАЙМААГ МЭДЭЭЛЭХ ШУУД УТАС 1-888-373-7888 (АНУ ДОТОР) ДУГААРТ ХАНДАНА УУ. МѲН 233733 (АНУ ДОТОР) ДУГААРТ “HELP’” ГЭСЭН МЕССЕЖ, ЭСВЭЛ [email protected] ХАЯГТ И-МЭЙЛ ИЛГЭЭНЭ ҮҮ.

ЦАГААЧЛАЛЫН СТАТУСААС ҮЛ ХАМААРАН ДУУДЛАГА ХИЙХЭД ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХ БӨГӨӨД ТУСГАЙЛАН БЭЛТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТНҮҮД 200 ГАРУЙ ХЭЛ ДЭЭР ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭД БЭЛЭН БАЙНА. ДЭЛГЭРЭНГҮЙГ WWW.HUMANTRAFFICKINGHOTLINE.ORG

ЦАХИМ ХУУДАСНААС АВНА УУ.

Хэрэв АНУ-д танд аюул тулгарвал тэр даруй 911 дугаарт дуудлага өгч орон нутгийн цагдаад хандана уу.

Ямар аюул учирсан, өөрийн байгаа байршил, утасны дугаар зэргээ хэлэх хэрэгтэй. Хэрэв шаардлагатай бол орчуулагч хүсэж болно.

Хэрэв та цагаачлалын бус A-3, G-5, H, J, NATO-7, TN эсвэл гэрийн ажилтнуудад олгодог В-1 виз авсан бол танд энэ товхимлыг:

•           Визтэй нь хамт (хэрэв та ярилцлагад ороогүй бол) эсвэл

•           Визийн ярилцлагын үеэр Консул танд өгсөн байх ёстой.

Виз олгохоосоо өмнө энэ товхимлыг танд өгч, уншаад ойлгосон эсэхийг тань лавласан байх ёстой. Консулын ажилтан АНУ-д эдлэх эрхийнхээ талаар ойлгоход танд туслах, асуултад хариулах үүрэгтэй.

Мөн та АНУ-ын Хөдөлмөрийн Департаментын харьяа Консулын Хамтын Ажиллагааны Хөтөлбөрөөр (CPP) дамжуулан өөрийн улс орныхоо Консулын газраас тусламж авах боломжтой. Энэ хөтөлбөрөөр дамжуулан Консулын газар нь таныг хэрэгтэй тусламжаар хангаж, мэдээлэл олж өгч, хэрэв шаардлагатай бол гомдол мэдүүлэхэд танд туслах боломжтой. Хамтран ажилладаг улс орнуудын жагсаалтыг www.dol.gov\\general\\migrantworker\\support цахим хуудаснаас үзнэ үү.

ЦАГААЧЛАЛЫН СТАТУСААС ҮЛ ХАМААРАН ТАНЫ ЭДЛЭХ ЭРХҮҮД

Эрхээ эдэлсний тань төлөө ажил олгогч таныг ажлаас халах, зүй

бусаар харьцах, цалин олгохоос татгалзах ёсгүй.

1.       Шударга цалин хүртэх

 

•        Таны гүйцэтгэсэн бүх ажилд цалин хөлс олгох ёстой. Ихэнх ажлын хувьд хамгийн багадаа холбооны хуулиар тогтоосон

цагийн хөлсний доод хэмжээгээр таныг цалинжуулах ёстой(1).

•        Та дараах тохиолдлуудад холбооны цагийн хөлсний доод хэмжээнээс ѳндѳр цалин авч болох юм. Үүнд:

o   Цагийн хөлсний доод хэмжээ нь холбооныхоос ѳндѳр байдаг

муж, хот, каунтид ажилладаг бол.

o   Таны хөдөлмөрийн гэрээ, визийн нѳхцѳлд илүү өндөр цалин тѳлѳхийг шаардсан бол.

o   Та 7 хоногт 40-с илүү цаг ажилласан бол илүү ажилласан цаг бүртээ цагийн цалингаа 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нэмэгдэл хөлс авна. Жишээлбэл, таны нэг цагийн хѳлс 10 ам.доллар бол илүү ажилласан цаг тутамдаа 15 ам.доллар авна.

•        Хэрэв таны цалингийн чекээс ажил олгогч тань мөнгө хассан байвал үүнийг суутгал гэнэ. Ажил олгогч суутгал бүрийг тодорхой тэмдэглэсэн байх ёстой. Суутгал нь эрүүл мэндийн

даатгал, үйлдвэрчний эвлэлийн гишүүний хураамж гэх мэт таны

сонгосон зүйлс эсвэл төлбөл зохих татвар байж болно.

•        Ихэвчлэн дүрэмт хувцас, аюулгүйн тоног тѳхѳѳрѳмж, багаж хэрэгсэл болон ажил зуучлалын хураамжийг цалин хѳлснѳѳс суутгах ёсгүй байдаг. Зарим визийн төрөлд үнэ төлбөргүй орон байр хангах ёстой гэж заасан байдаг.

•        Цалин, ажлын цаг болон бусад эрхийнхээ талаар асуух, гомдол мэдүүлэх, үүнтэй холбоотой улсын шалгалтад оролцох эрх танд байна. Ингэсний төлөө ажил олгогч дургүйцэж, таныг дарамталж, айлган сүрдүүлж, таны эсрэг арга хэмжээ авч болохгүй.

•        Эрүүл мэндийн даатгал, үйлдвэрчний эвлэлийн гишүүний хураамж гэх мэт таны сонгосон зүйлсийг цалингаас суутгаж болно. Төлбөл зохих татвар бас суутгагдаж болно.

Цалин ба чекийн тухай 1-866-487-9243 утсаар лавлах эсвэл орон нутгийн цалин ба ажлын цаг хариуцсан газартай өөрийн биеэр очиж уулзаж болно. Хаяг байршил: www.dol.gov/agencies/whd/contact/local-offices.

2.  Эрүүл, аюулгүй орчинд ажиллах

Аюулгүй ажлын орчин: ажил олгогч таны ажлын орчинг эрүүл ба аюулгүй байлгах үүрэгтэй.

Сургалт: Тухайн ажилтай холбоотой аюул эрсдэл, гэмтэл ба ослоос хэрхэн зайлсхийх, таны ажлын байранд мөрдөгддөг аюулгүй байдлын дүрэм гэх мэт мэдээллийг ажил олгогч танд хангах үүрэгтэй. Сургалтыг таны ойлгодог хэл, нэр томьёо ашиглан явуулах ёстой.

Шаардлагатай хамгаалах хэрэгсэл: Та хортон шавьж устгах бодис, аюултай химийн бодис хэрэглэдэг, эсвэл ойр орчимд нь ажилладаг бол ажил олгогч шаардлагатай хамгаалах хэрэгслээр (хорт хийн баг, бээлий г.м) үнэ төлбөргүйгээр хангах ёстой.

Ажилтай холбоотой гэмтэл ба өвчлөлийг мэдэгдэх нь: Ажлаас үүдэлтэй гэмтэл эсвэл өвчлөлийг та мэдэгдэх эрхтэй бөгөөд ажил олгогчоосоо эрүүл мэндийн түүхээ авч үзэж эсвэл хувилж авч болно.

Эрүүл ахуй, аюулгүй байдлын тухай гомдол гаргах нь:

Хэрэв ажил тань аюултай, эрүүл мэндэд хортой гэж үзвэл та (эсвэл таны төлөөлөгч) Ажлын байрны аюулгүй байдал ба эрүүл ахуйн албанд (OSHA) гомдол гаргаж болно. Хэрэв боломжтой бол ажил олгогчтойгоо энэ талаар уулзахдаа өөрөөсөө гадна нэг ажилтныг гэрчээр авч ирэхээс гадна асуудлаа мессеж эсвэл и-мэйл гэх мэт бичгэн хэлбэрээр давхар явуулбал сайн. Та OSHA албаны шалгах ажилтнуудтай хувьчлан уулзаж ажлын байрны аюул эрсдэлийн үзлэг, шинжилгээний хариутай танилцаж болно.

Хариу шийтгэлээс хамгаалагдах эрх: Ажлын байрны аюул, эрсдэлийн талаар та санал, гомдол хэлэх эрхтэй. Энэ талаар гомдол гаргасны төлөө ажил олгогч таныг шийтгэж байна гэж та үзвэл OSHA-д мэдэгдэх эрхтэй. Та ийн мэдэгдэхдээ шийтгүүлснээсээ хойш 30 хоногийн дотор гомдол гаргаарай. Дэлгэрэнгүйг: www.whistleblowers.gov.

OSHA алба болон ажилтны эрхийн тухай дэлгэрэнгүйг: www.osha.gov/workers

Эмчилгээ: Хэрэв шаардлагатай бол та өөрөө бие даан эмч, сувилагчид үзүүлж болно. Ажлын улмаас гэмтсэн эсвэл өвдсөн бол ажил олгогч

таны эмчилгээний төлбөрийг төлж, өвчтэй байсан хугацааны цалингийн тодорхой хувийг нөхөн олгох үүрэгтэй. Үзүүлсэн эмч эсвэл эмнэлгээсээ бичиг авах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд та ажиллаж буй мужийнхаа ажилтнуудын нөхөн олговрын даатгалд нэхэмжлэл гаргах шаардлагатай болж болох юм. Орон нутгийн ажилтнуудын нөхөн олговрын албаны хаягийг www.dol.gov.agencies/owcp/wc цахим хуудаснаас авна уу.

Орон байр: Ажил олгогч танд орон байр санал болгосон бол тэр нь цэвэрхэн, аюулгүй байдлыг хангасан байх хэрэгтэй. Та ажлын бус цагаараа байрнаасаа чөлөөтэй гарч явах боломжтой байх ёстой.

Ариун цэврийн өрөө: Ариун цэврийн өрөө нь цэвэрхэн, хүртээмжтэй байх ёстой. Хэрэгтэй үедээ ариун цэврийн өрөө хэрэглэх боломжоор ажил олгогч таныг хангах ёстой. Хэрэгтэй үедээ гараа угаах савантай ус, цэвэрлэгээний бодисоор хангах үүрэгтэй.

Ундны ус: Та ундны цэвэр усаар үнэ төлбөргүй хангагдах эрхтэй.

Халуун хэм: OSHA албаны журмын дагуу ажил олгогч нь таныг хэт халуун хэмээс хамгаалахаас гадна халуунаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөртэй байх ёстой. Хэрэв та хортон шавьж устгах бодис эсвэл аюултай химийн бодистой ажиллаж байгаа бол ажил олгогч:

•  Гар угаах ус, савангаар хангах ёстой.

•  Ажилд шаардлагатай хамгаалах хэрэгслээр хангаж (жишээ нь агаар шүүгч маск, бээлий г.м.), хэрхэн хэрэглэхийг зааж өгөх ёстой.

•        Та ажлын байрандаа хэрэглэдэг химийн бодисын талаар мэдэх, ойлгох эрхтэй бөгөөд ажил олгогч энэ талаар таныг үнэ төлбөргүйгээр

сургалтад хамруулах ёстой.

•        Ажил олгогч таныг хортон шавьж устгах бодист санамсаргүй байдлаар

хордохоос урьдчилан сэргийлж хаана, хэзээ уг бодисыг цацсан болон

талбайд хэзээ орвол аюулгүй байх талаар мэдээлэх ёстой.

Хэрэв таны ажил аюулгүйн шаардлага хангахгүй байна гэж та үзвэл шалгалт оруулах хүсэлт өгөх эсвэл эрхийн талаар илүү мэдээлэл авах бол 1-866-4-USA-DOL дугаарт эсвэл Хөдөлмөрийн Департаментийн цахим хуудаст хандаж болно (dol.gov эсвэл migrantworker.gov).

H-2A ангиллын визтэй ажилтан та өөрийн ажлын байр, орон байр, ажлын унаа тээврийн эрүүл ахуйн стандартын талаар асууж лавлах зүйл эсвэл санаа зовоосон зүйл байгаа бол 1-866-487-9243 дугаараас лавлах эсвэл орон нутгийн цалин ба ажлын цаг хариуцсан газартай биечлэн уулзаж болно: www.dol.gov/agencies/whd/contact/local-offices

3.  Үйлдвэрчний эвлэл, цагаачлагч болон ажилчдын эрхийг хамгаалах байгууллагуудаас тусламж хүсэх

Ихэнх тохиолдолд та дараах эрхүүдийг эдэлнэ. Үүнд:

•        Бусад ажилтнуудтайгаа эвлэлдэн нэгдэж ажил олгогчдоо ажлын байрны нөхцѳл сайжруулах, цалин нэмүүлэх хүсэлт гаргах.

•        Ажил дээрээ эвлэл үүсгэн байгуулах, түүндээ нэгдэж орох, дэмжих. Дэлгэрэнгүйг: www.nlrb.gov

•        Цалин нэмэх, ажлын байрны нөхцөл сайжруулахыг дэмжсэн олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаанд оролцох.

4.  Ажлаас гарах

•        Хэрэв ажил олгогч таныг дарамталж, танд аюул тулгарч байгаа бол та үргэлжлүүлэн ажиллах шаардлагагүй. Хүний наймааг мэдээлэх утастай 1-888-373-7888 дугаараар холбогдон тусламж авч болно.

•        Ажлаасаа гарснаар таны виз хүчингүй болох хэдий ч визийнхээ статусыг солих юм уу, өөр ажилд шилжих боломжтой байж болох юм. Хэрэв ажил олгогч хөдөлмөрийн байгууллагаар шалгагдаж байгаа бол та албадан буцаагдахаас түр хугацаанд хамгаалагдаж ажлын түр зөвшөөрөл авах боломжтой байж болох юм. Дэлгэрэнгүйг: www.dhs.gov/enforcement-labor-and-employment-laws.

Хэрэв та өөрийгөө хүний наймааны хохирогч болсон гэж үзэж байгаа бол цагаачлалын статусаас үл хамааран хүний наймааг мэдээлэх шууд утаст 1-888-373-7888 дугаараар хандаж тусламж авах эсвэл Үндэсний хөдөлмөрийн харилцааны зөвлөлд 1-844-762-6572 дугаараар хандаж бүс нутгийн цагаачлалын зохицуулагчтай ярих хүсэлт тавьж болно.

АНУ-д байхдаа Засгийн газрын аль байгууллагад хандаж тусламж авах тухай болон ажилтны эрхийн тухай мэдээллийг MigrantWorker.gov/TrabajadorMigrante.gov цахим хуудаснаас үзнэ үү.

5.  Ялгаварлан гадуурхал, дарамтаас ангид байх

•        Таны нас (40 ба түүнээс дээш настай бол), хүйс, арьс өнгө, гарал үүсэл, үндэс угсаа, шашин шүтлэг, генетикийн үзүүлэлт (гэр бүлийн эрүүл мэндийн түүх үүнд орно), хѳгжлийн бэрхшээл зэргийн улмаас ажил олгогч тантай ялгаатай буюу муугаар харьцах нь хууль бус юм.

•        Ялгаварлан гадуурхлын тухай гомдол гаргах заавар: www.eeoc.gov/how-file-charge-employment-discrimination Иргэншлийн статусаас болж гадуурхагдаж байгаа тухай гомдол гаргах заавар: www.justice.gov/crt/filing-charge

Таныг үг хэлээр доромжлох, биед тань халдах, бэлгийн дарамтад оруулах эрх бусдад байхгүй.

6.  Мөлжлөгөөс ангид байх

•        Ажил олгогчийн зүгээс дараах үйлдэл хийж таныг бэлгийн мөлжлөгт оруулахыг хориглоно. Үүнд бэлгийн сэдэлтэйгээр таны биед хүрэх, үнсэх, мөн хүчлэн шаардах, хуурч аргандаа оруулах, сүрдүүлэх арга замаар тантай бэлгийн харьцаанд орох, аман секс хийх, нууцаар ажиглах гэх мэт аливаа бэлгийн сэдэлтэй үйлдэл орно.

•        Хөдөлмөрийн мөлжлөг болон хүний наймааны талаар 12 дугаар хуудаснаас үзнэ үү.

Хэрэв таны эрхэд халдсан бол хүний наймааг мэдээлэх шууд утаст 1-888-373-7888 (АНУ дотор) мэдэгдэх эсвэл 15-16 дугаар хуудаст байгаа цахим хуудсуудын аль нэгээр орж мэдэгдэх хэрэгтэй. Англи хэлээр ярьдаггүй бол орчуулагчтай ярих хүсэлт тавиарай

ЦАГААЧЛАЛЫН БУС СТАТУСТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ ЭРХҮҮД

A-3, G-5, NATO-7 ба гэрийн ажилтнуудын В-1 виз

Ажил олгогч танд АНУ-ын хууль тогтоомжид нийцсэн хөдөлмөрийн гэрээ өгөх ёстой. Гэрээ дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

•            Таны ойлгодог хэл дээр үйлдэгдсэн байх.

•            Цалинг цагаар тооцож гэрээнд тусгах. Цагийн цалинг тогтоохдоо АНУ-ын холбооны, мужийн, орон нутгийн доод хэмжээгээс хамгийн өндрийг нь сонгоно.

•            Хэрэв ажил олгогчийн гэрт амьдрах бол ажил олгогч үнэ төлбөргүй орон байраар хангана гэж тусгасан байх. Мөн ирж очих нислэгийн тасалбар үүнд орно.

•            Ажлаас чөлөөлөхөөс өмнө танд хэр их хугацааны өмнө мэдэгдвэл зохих, мөн та өөрөө ажлаас гарах бол хэр их хугацааны өмнө ажил олгогчдоо мэдэгдвэл зохихыг тодорхой тусгасан байх.

•            Цалинтай завсарлага, цалингүй өвчтэй чөлөө, ажилтны нөхөн олговор зэрэг эрхүүдийг АНУ-д ажиллах гэрийн ажилтнуудын гэрээнд тусгах.

Гэрээгээ ойлгосон эсэхээ сайтар шалгаж, нэг хувийг өөртөө авна. Хэрэв юу гэж байгааг нь ойлгохгүй бол гэрээнд гарын үсэг зурж болохгүй.

A-3, G-5, ба NATO-7 визтэй гэрийн ажилтнуудад тавих нэмэлт шаардлагууд

Гэрээнд дараах заалтуудыг заавал тусгасан байна. Үүнд:

•            Ажил олгогч нь АНУ-ын бүх хууль тогтоомжийг даган мөрдөхийг зөвшөөрсөн тухай

•            Цалин тавих хугацаа, цалингийн хэлбэр, ажлын үүрэг хариуцлага, долоо хоногт ажиллах цаг, амралтын өдөр, өвчний чөлөө, ээлжийн амралтын тухай

•            Ажил олгогч таны паспорт, хөдөлмөрийн гэрээ болон бусад хувийн өмчийг хурааж авахгүйг зѳвшѳѳрсѳн тухай.

Хөдөө аж ахуйн түр ажилтны H-2A виз

•            Та ажилд орохын тулд хураамж төлөх ёсгүй. Хэрэв танаас төлбөр шаардвал танай улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яам эсвэл консулын газарт мэдэгдэнэ үү. Эсвэл та АНУ-д байгаа бол 1-866-487- 9243 дугаараар орон нутгийн цалин ба ажлын цаг хариуцсан газарт мэдэгдээрэй.

•            Ажил олгогч эсвэл түүний төлөөлөгч таныг хүчээр өрөнд оруулж, өр төлөхийг шаардах ёсгүй. Ийм зүйл тохиолдвол та хүний наймааг мэдээлэх шууд утаст 1-888-373-7888 (АНУ дотор) мэдэгдэх эсвэл АНУ-д ирж амжаагүй байгаа бол танай улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яам буюу консулын газарт мэдэгдээрэй.

Ажил олгогчийн хүлээх үүрэг:

•            Ажлын гэрээнд заасан үнэлгээний дагуу таны хийсэн бүх ажлыг үнэлж танд сард доод тал нь 2 удаа цалин олгох эсвэл зарим тохиолдолд гэрээнд заасан давтамжаар цалин олгох ёстой. Цалингийн түвшин нь холбооны, мужийн, эсвэл орон нутгийн цалингийн доод хэмжээнээс өндөр байж болно.

•            Ажлын байранд хүргэж өгөх унаагаар хангах эсвэл унааны мөнгө олгох, өдөр тутмын хоолны мөнгө олгох ёстой. Эсвэл гэрээнд заасан ажиллах хугацааныхаа талд нь ажилласны дараа танд энэ зардлуудыг нөхөн олгох ёстой.

•            Хэрэв зардлаа хассаны дараа таны авах цалин АНУ-ын цалингийн доод хэмжээнээс бага байвал нислэгийн зардал болон визийн хураамжийн мөнгийг ажлын эхний долоо хоногийн цалин дээр ажил олгогч нөхөн төлөх ёстой.

H-2A эсвэл H-2B визтэй ажилтан танд эрхийнхээ талаар асуух зүйл, санаа зовоосон асуудал байвал 1-866-487-9243 дугаарт хандах эсвэл орон нутгийн цалин ба ажлын цаг хариуцсан газартай биечлэн уулзана уу: www.dol.gov/agencies/whd/contact/local-offices.

H-2A визтэй хөдөө аж ахуйн түр ажилтнуудад

•            Ажил олгогч таны ойлгодог хэл дээр гэрээ үйлдэж өгөх ёстой. Гэрээнд цалин, ажиллах нийт хугацаа, ажлын цаг, нэмэлт олговор (унаа, орон байр, хоол, гал тогоо), цалингаас хасах зүйлсийг тусгасан байна. АНУ-ын нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг H-2A ангиллын ажилтны цалингаас хасах ёсгүй.

•            Үнэ төлбөргүй орон байраар таныг хангах ёстой.

•            Уг байрнаас ажлын талбай руу очих үнэ төлбөргүй унаагаар хангах ёстой.

•            Зохих даатгалд хамрагдсан, аюулгүйн бүх багаж хэрэгслээр тоноглогдсон, шаардлага хангах унаа болон зохих жолооны үнэмлэхтэй жолоочоор хангах ёстой.

•            Өдрийн 3 хоолоор хангах эсвэл хоол хийж болох гал тогоо үнэ төлбөргүй гаргаж өгөх ёстой.

•            Засгийн газрын ажилтан эсвэл хуулийн зөвлөхтэй уулзаж эрхийнхээ тухай асууж, гомдол мэдүүлж, тусламж авахад танд саад учруулах ёсгүй бөгөөд уулзсаны төлөө шийтгэж болохгүй.

•            Ажлын гэрээнд заасан хугацаагаа дуусгасны дараа нутаг орондоо харих хүртэлх замын зардал, байр, хоолны мөнгөөр үнэ төлбөргүй хангах ёстой.

•            Хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын хоногийн доод тал нь ¾ хувьтай тэнцэх цагийн ажлыг танд санал болгох ёстой.

H-2B визтэй хөдөө аж ахуйн бус түр ажилтнуудад

Ажил олгогчийн хүлээх үүрэг:

•       Ажил олгогч таны ойлгодог хэл дээр гэрээ үйлдэж өгөх ёстой. Гэрээнд цалин, ажиллах нийт хугацаа, ажлын цаг, нэмэлт олговор (унаа, орон байр, хоол, гал тогоо), цалингаас хасах зүйлсийг тусгасан байна.

•       Ажлын гэрээнд заасан хугацаа дууссаны дараа эсвэл дуусахаас өмнө таныг ажлаас чөлөөлсөн бол нутаг орондоо харих хүртэлх замын зардал, байр, хоолны мөнгөөр таныг үнэ төлбөргүй хангах ёстой.

Солилцооны зорчигчийн J-1 виз

•       Батлагдсан DS-2019 маягтад хөтөлбөрийн хугацаа, солилцооны төрөл, спонсорын нэр, хөтөлбөр явагдах байршлыг дурдсан байна. Хөтөлбөрийн хугацаанд санхүүжилт, ажлын байршил, хөтөлбөрийн өдрүүд гэх мэт зүйлсэд өөрчлөлт гарсан бол спонсор таны DS- 2019 маягтыг шинэчилж өгөх ёстой.

•            Спонсор байгууллага нь хөтөлбөрийн бүх зардал, нөхцөл, дүрмийг нарийвчлан тайлбарласан байх ёстой. Үүнд таны хийхээр зөвшөөрсөн ажлын бичгэн хэлбэрийн тайлбар, цалингийн хэмжээ, ажлын цаг гэх мэт мэдээллүүд орно. Хэрэв танд эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай яаралтай мэдэгдэх асуудлууд байвал J визийн шууд утаст мэдэгдэнэ үү: 1-866-283-9090. Ерөнхий асуулт болон асуудлуудын тухай [email protected] и-мэйл хаягаар асууна уу.

•            Танд эрүүл мэнд, нутаг оронд нь яаралтай хүргэх, нүүлгэн шилжүүлэх даатгал байгаа эсэхийг спонсор шалгах ёстой. Гэхдээ үүний зардлыг спонсор төлөх үүрэг хүлээхгүй.

Зуны амралтаараа ажиллаж аялах хөтөлбөр

Хэрэв та визгүй зорчих боломжтой улс орны иргэн бөгөөд АНУ-д ирэхээсээ өмнө ажил хайж ололгүйгээр ирсэн бол таныг ажил хайх оролдлого хийгээд нэг долоо хоног болсны дараа спонсор нь ажил олоход танд туслах ёстой. Хөтөлбөрийнхөө дундуур ажлаа солихыг хүссэн оролцогчдод бас спонсор нь ажил олж өгөх тодорхой хэмжээний тусламж үзүүлэх ёстой. Хөтөлбөрийн дүрэмд заасны дагуу аливаа оролцогч хоёр дахь ажилдаа орохоос өмнө спонсор нь уг ажил дээр анхан шатны үнэлгээ хийж, баталгаажуулах ёстой.

Дадлагажигч

Спонсор байгууллага нь танд орж ирэх орлого, хөтөлбөрийн хүрээнд явагдах сургалтын зорилгын тухай бичгэн хэлбэрээр тайлбарлаж дадлагын ажлын төлөвлөгөөнд тань (DS-7002 маягт) оруулан танд өгөх ёстой. Танд долоо хоногт доод тал нь 32 цагийн ажил олгох ёстой. Спонсор байгууллага нь таны зүгээс төлөх аливаа зардал, хураамж, АНУ-д амьдрах өртгийн тооцоог бичгээр үйлдэн танд өгөх ёстой. Танд эрүүл мэнд, нутаг оронд нь яаралтай хүргэх, нүүлгэн шилжүүлэх даатгал байгаа эсэхийг спонсор шалгах ёстой. Гэхдээ үүний зардлыг спонсор төлөх үүрэг хүлээхгүй.

Айлд байрлаж хүүхэд асрах үйлчилгээ:

Хүлээн авч буй айл нь таныг бүрэн дунд боловсролын дараах сургуульд бүртгүүлж сурахад тань тусалж, сургалтын тѳлбѳрийн 500 хүртэлх ам.долларыг төлөх ёстой. Хэрэв та EduCare хөтөлбөрийн оролцогч бол хүлээн авч буй айл нь таныг энэ сургалтад хамруулж сургалтын төлбөрийн 1000 хүртэлх ам.долларыг төлөх ёстой. Та өдөрт 10 цаг, долоо хоногт 45 цагаас илүү ажиллах шаардлагагүй. Зөвлөх буюу нийгмийн ажилтан тантай мөн хүлээн авагч айлтай тогтмол холбоотой байх ёстой.

ТАНЫ ЦАГААЧЛАЛЫН БУС ВИЗ

Цагаачлалын бус виз нь ажиллах, суралцах, соёлын солилцооны хөтөлбөрт оролцох зэрэг тодорхой зорилгоор АНУ-руу очих хүсэлт гаргасан хүмүүст тус улс руу зорчих зөвшөөрөл олгож буй АНУ-ын засгийн газрын баримт бичиг юм. Та хилийн чанад дахь АНУ-ын Элчин сайдын яам буюу консулын газарт хандан виз хүсэх ёстой (Санамж: Канад улсын иргэд хилийн боомт дээр J-1 статусаар нэвтрэх хүсэлт гаргана). Цагаачлалын бус виз авсныхаа дараа та АНУ-ын хилээр нэвтрэхийн өмнө АНУ-ын цагаачлалын албаны байцаагчид (“CBP-ын ажилтан”) визээ үзүүлнэ. Таны визийн хугацаа дууссан бол та АНУ-руу дахин нэвтрэхээсээ өмнө шинээр виз авах хэрэгтэй. Виз мэдүүлэх үйл явц болон өөрт байгаа визийнхээ тухай дэлгэрэнгүйг usvisas.state.gov цахим хуудаснаас авна уу.

Цагаачлалын албаны ажилтан АНУ-ын хилээр нэвтрэхийг танд зөвшөөрсний дараа таны нэр дээр цахим I-94 маягт (зарим тохиолдолд цаасан маягт байж болно) үүснэ. I-94 маягт дээр таны хилээр нэвтэрсэн огноо, визийн ангилал, АНУ-д байх “сүүлчийн өдөр”- ийг тэмдэглэсэн байна. АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд (USCIS) хугацаагаа сунгуулах хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд хууль ёсны статусаа хадгалахын тулд I-94 маягт дээр тэмдэглэсэн “сүүлчийн өдөр”-өөс өмнө АНУ-аас гарсан байх хэрэгтэй. Та I-94 маягтынхаа тэмдэглэгээг https://i94.cbp.dhs.gov цахим хуудсаар орж шалгаж болно.

1746630911223.png

ХҮНИЙ НАЙМАА

Хүний наймаа нь хүч хэрэглэх, дарамтлах, залилах замаар хүүхэд ба насанд хүрэгчдийн биеийг үнэлүүлэх буюу албадан ажиллуулах гэмт хэрэг юм. Биеийг нь үнэлүүлсэн тухайн хүн 18 нас хүрээгүй л бол хэдийгээр хүч хэрэглээгүй, дарамтлаагүй, залилаагүй байсан ч үүнийг хүний наймаанд тооцно. Биеэ үнэлэх гэмт хэрэг гэдэг нь бэлгийн харьцаанд орсны төлөө аливаа үнэлж болохуйц зүйлээр (орон байр, хамгаалалт, хоол хүнс, мөнгө) төлбөр төлөхийг хэлнэ.

Хүний наймааг мэдээлэх шууд утаст хандаж шаардлагатай үйлчилгээ, орон нутгийн дэмжлэг хаанаас авч болох тухай

мэдээлэл авч болно. Хэрэв танд эсвэл таны мэдэх хэн нэгэн хүнд дараах зүйлс тохиолдсон бол хүний наймааг мэдээлэх шууд утаст 1-888-373-7888 дугаараар мэдэгдэнэ үү.

Айлган сүрдүүлэх

Таныг болон бусдыг зугтах оролдлого хийхээс айлгаж, заналхийлэн сүрдүүлэх эрх бусдад байхгүй. Жишээ нь:

•    Цохих, бие махбодод халдах, бэлгийн хүчирхийлэл үйлдэх;

•    Цохино, бие махбодод халдана, бэлгийн хүчирхийлэл үйлдэнэ гэж сүрдүүлэх;

•    Ажлын байр, орон сууцаасаа гарч явахыг хориглох, цоожлох;

•    Ямар ч шалтгаанаар байсан хамаагүй танд эсвэл таны асардаг хүнд эмнэлгийн тусламж авахыг хориглох;

•       Зугтахыг завдах, зүй бус харьцааны талаар гомдол гаргах, тусламж хайхыг оролдвол танд болон таны гэр бүлд халдана, албадан буцаана, баривчилна гэж сүрдүүлэх;

•       Зугтахыг завдсан, зүй бус харьцааны талаар гомдол гаргасан, тусламж хайхыг оролдсоны төлөө бусдад халдах;

•       Хэн нэгнийг хар жагсаалтад оруулж улмаар АНУ-д ажиллах боломжгүй болгоно гэж сүрдүүлэх.

Өр тулгах

Таныг хүчээр ажил хийлгэх, үйлчилгээ үзүүлэх буюу биеэ үнэлэхийг шаардах, ажлаа орхин явахыг хориглох эрх бусдад байхгүй. Гэнэт таны өрийн хэмжээг өөрчилж, өрөө төлтөл тэдний шаардсан үйлчилгээг үзүүлэх ёстой гэж шаардах эрх бусдад байхгүй. Жишээ нь:

•       Боломжийн хугацаанд төлж барагдуулах огт боломжгүй их хэмжээний өр тулгах;

•       Тантай урьдчилан тохироогүй буюу эсвэл тохиролцсон хэмжээнээс өндөр өр тулгах;

•       Ѳрийн тооцоон дээр таны урьдчилан тохироогүй тээвэр, байр, хоол, бусад зардлыг нэмэх;

•       Дүрэм зөрчсөн, хангалттай орлого олоогүй, эсвэл хангалттай ажил, үйлчилгээ хийгээгүй, биеэ үнэлээгүй гэх шалтгаанаар тѳлбѳр, торгууль нэмэх.

Ажлаас гарах, гомдол гаргах, тусламж авах боломжгүй байх

Таныг болон бусдыг ажлаас гарах, гомдол гаргах, тусламж авахыг хориглох эрх хэнд ч байхгүй. Жишээ нь таныг ажлын байрнаас гарч явахыг хориглох, ажлын бус цагаар явж болох газруудыг тань хязгаарлах гэмт хэрэг үүнд орно.

•       Паспорт, виз, төрсний гэрчилгээ, биеийн байцаалтын бусад бичиг баримтыг ѳѳр дээрээ хадгалах хэрэгтэй. Эдгээр бичиг баримтуудыг танаас хурааж авах эрх бусдад байхгүй;

•       Зохистой хоол унд идэх, унтаж амрах, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх танд бий. Эдгээр эрхийг тань хязгаарлах ёсгүй;

•       Гэр бүлийнхэн, бусад ажилтнууд, үйлчлүүлэгч болон хуулийн ба нийгмийн ажилтнууд зэрэг гадны хүмүүстэй чөлөөтэй холбоо барих эрх байх ёстой. Бусадтай чөлөөтэй холбоо барих, хэлж ярих зүйлсийг тань хязгаарлах ёсгүй.

Залилах

Таныг залилан мэхлэх аргаар ажил хөдөлмөр хийлгүүлэх, биеийг тань үнэлүүлэх ёсгүй.

Залилан мэхлэх аргын жишээнд дараах зүйлс орно. Үүнд:

•       Хийх ажил, ажиллах цаг, ажлын байр, амьдрах орчин, цалин хөлсний талаар худал амлах;

•       Хэт урт цагаар хүнд хэцүү орчинд, амласнаасаа бага хөлсөөр ажиллахыг шаардах;

•       Танд ямар ч эрх байхгүй гэж хэлэх;

•       Тусламж хайхыг оролдвол танд хэн ч үнэмшихгүй, таныг албадан буцаана гэж айлгах;

•       Ажил олгогч болон бусад ажилтнуудын тухай худал хэлүүлэх;

•       Хуурамч амлалтын жишээнд дараах зүйлс орно. Сувилагчийн ажил амласан хэр нь асрамжийн газар цэвэрлүүлэх эсвэл

хүүхдийн асрагчийн ажил амлачхаад хүчээр тайчигч бүжигчнээр ажиллах эсвэл биеэ үнэлэхийг шаардах;

Хүчирхийлэлд өртсѳнѳѳ мэдээлбэл ажил олгогч таныг албадан буцаалгаж чадах уу?

Хүчирхийлэлд ѳртсѳнѳѳ мэдээлсэн хүмүүсийг хамгаалах хөтөлбөрүүд байдаг. Ажлаасаа гарсан хэдий ч АНУ-д байх боломжийг эдгээр хөтөлбөрүүд танд олж өгөх боломжтой. Таны визийн статус зөрчилтэй байсан ч тусламж эрэхээсээ айж болохгүй. Өөрт байгаа сонголтуудаа мэдэхийг хүсвэл хүний наймааг мэдээлэх шууд утаст 1-888-373-7888 дугаараар хандаарай. Хүний наймааг мэдээдэх шууд утас нь Засгийн газар эсвэл ямар нэгэн хууль сахиулах байгууллагын удирдлага дор ажилладаггүй.

ЭДГЭЭР ЦАХИМ ХУУДАС РУУ ОРЖ НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ АВНА УУ:

•       Визийн мэдүүлгийн үйл явц ба визийн талаар: usvisas.state.gov.

•       Хүний наймааны талаар: www.state.gov/j/tip.

•       J-1 визийн солилцооны хөтөлбөрийн талаар: j1visa.state.gov.

•       Эрх тэгш байдал ба арьс өнгө, шашин шүтлэг, хүйс (жирэмслэлт үүнд орно), үндэс угсаа, нас (40 ба түүнээс дээш), хѳгжлийн бэрхшээл, гений мэдээлэл гэх мэт ялгаварлан гадуурхлаас ангид байх таны эрх болон хэрхэн гомдол гаргах талаар: www.eeoc.gov.

•       Ажлын байрны аюулгүй байдлын тухай эрх болон ажлын байраа хэрхэн шалгуулах тухай зааврыг: www.osha.gov.

•       Ажил олгогчоосоо аваагүй байгаа цалинг таны өмнөөс өөр хүн авсан эсэхийг хэрхэн олж мэдэх талаар: webapps.dol.gov/wow.

•       Шударга цалин хүртэх эрхийн талаар: www.dol.gov/WHD/immigration.

•       Цалингийн тухай хэрхэн гомдол гаргах талаар: https://www.dol.gov/agencies/whd/contact/complaints

•       Иргэншлийн статусаас үл хамааран ялгаварлан гадуурхлаас ангид байх эрх болон гомдол гаргах талаар: www.justice.gov/crt/filing-charge.

•       Цалин хөлс, ажлын байрны нөхцөлийг сайжруулах зорилгоор бусад ажилтнуудтай эвлэлдэн нэгдэх эрх болон гомдол гаргах талаар: www.nlrb.gov.

•       Эрүүл мэндийн даатгалтай холбоотой эрх, үүрэг, түүнээс чөлөөлөгдөх нөхцөлүүдийн талаар Англи хэл дээр localhelp.healthcare.gov эсвэл Испани хэл дээр ayudalocal.cuidadodesalud.gov.

•       Гэмт хэргийн хохирогчдын эдлэх эрх ба үүний тухай хууль: https://www.justice.gov/criminal/criminal-vns/victim-rights-derechos-de-las-v-ctimas

•       I-94 маягт: https://i94.cbp.dhs.gov/I94

•       Ирээдүйн ажил олгогчийн тань гаргасан өргөдлийн явц, АНУ- ын Иргэншил, цагаачлалын албанд (USCIS) хянагдаж байгаа хүсэлтийн явц: https://egov.uscis.gov

•      Хүний наймаатай холбоотой Цагаачлалын албанаас гаргасан эх сурвалж:

o  https://www.dhs.gov/blue-campaign/resources-available-victims

o  https://www.uscis.gov/humanitarian/victims-of-human-trafficking-and-other-crimes

•       Цагаачлалын албанаас ажилтнуудад олгодог цагаачлалын эрх бүхий T болон U ангиллын цагаачлалын бус визийн хөтөлбөрүүд:

o  https://www.uscis.gov/humanitarian/victims-of-human-trafficking-and-other-crimes

•       Дүрвэгсдийн эрх дээр хүний наймааны асуудал хөндөгдсөн бол хүний наймаатай тэмцэх газартай холбоо барина уу:

o  https://acf.gov/otip/victim-assistance/child-eligibility-letters

o  https://acf.gov/otip/victim-assistance/certification

file

САНАМЖ

АНУ-д байх хугацаанаас хамааран та эрүүл мэндийн даатгалтай байх шаардлагатай байж болно. Түүнчлэн та эрүүл мэндийн даатгалын тѳлбѳрийг хѳнгѳвчлѳх санхүүгийн туслалцаанд хамрагдах болзлыг хангасан байж болох юм.

Та АНУ-д ирэхээсээ өмнө цагаач ажилтнуудын асуудлыг эрхэлсэн байгууллага эсвэл АНУ-д өмнө нь ажиллаж байсан хүмүүсээс зөвлөгөө аваарай. АНУ-д байх хугацаанд аливаа бэрхшээл, асуудал тохиолдвол холбогдож болох хувь хүн, албан байгууллагуудын холбоо барих мэдээллийг тэднээс авах хэрэгтэй.

Ажил олгогч, гэрээлэгч, ажилд зуучлагчаас өгөх хуулийн зөвлөгөө өрөөсгөл байж болох талтай. Иймд бие даасан хуульчаас зөвлөгөө аваарай.

Ажил олгогч цалин хөлсийг цагт нь олгох ёстой. АНУ-д цалинг хоёр долоо хоног тутамд олгох нь нийтлэг явдал юм. Гэхдээ таны ажлын гэрээнээс хамаараад цалин тавих хуваарь ялгаатай байж болно.

Тантай зүй бусаар харьцсан үйлдэл, үг бүрийг тэмдэглэн, гэрч байвал түүний нэр, утасны дугаарыг бичиж авах хэрэгтэй.

Та АНУ-д ирмэгцээ паспорт болон аяллын бусад бичиг баримтаа хэрэгтэй үедээ буцаан авч болох найдвартай газар хадгалах хэрэгтэй. Ажил олгогч таны паспортыг хураах ёсгүй бөгөөд ингэх нь хууль бус юм.

Ажилласан бүх цагаа хувьдаа бүртгэж явах нь тустай. Дэвтэр аваад ажилласан бүх өдөр, цаг, цалингийн хэмжээ, цалин олгосон өдөр, цалингаас суутгасан шимтгэлүүд ба ямар суутгалууд болохыг тодорхойлон бичих хэрэгтэй.

Энэхүү товхимлыг 2008 оны Вильям Вилбэрфорсын Хүний наймааны хохирогчийг хамгаалах хуулийн 202-р заалтын дагуу бэлдэв. Хуулийн эмхэтгэл 110-457